Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Улаанбаатар хотноо 2023 оны 5 дугаар сарын 22-30-нд зохион байгуулах шийдвэр гаргалаа.
Энэхүү олимпиадыг зохион байгуулахтай холбоотой ажлын багийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахлах юм. Олимпиадад 18 орны 144 сурагч, 54 профессор багш оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.
Азийн физикийн олимпиадыг зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, Азийн улсуудын физикийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, сурагчдын мэдлэг, чадварын баримжаа гаргах, Монголын физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдүүлэх боломжийг нээх юм.